Хивс цэвэрлэх заавар

ХИВС ХЭРЭГЛЭХ БОЛОН АРЧЛАХ ЗААВАР

1. Хивсийг хиртэж бохирдохоос хамгаалах хамгийн гол арга бол гадуур гуталтайгаа гишгэхгүй байх явдал юм. Тогтмол зөв цэвэрлэгээ нь хивсний насыг 2-3 дахин уртасгадаг.
2. Хивсийг тоос сорогчоор тогтмол цэвэрлэх хэрэгтэй. Ялангуяа шинэ хивсийг худалдаж авсан эхний 1-2 сард сайтар цэвэрлэх хэрэгтэй. Шинэ хивсний гадаргуу дээрхи сул богино ширхэгүүд болон үхмэл үс эхний үед ихээр унадаг бөгөөд энэ нь таны санаа зовох зүйл биш юм. Яагаад гэвэл энэ нь бүх төрлийн хивсэнд адил тохиолддог бөгөөд хэсэг хугацааны дараа арилна. Тоосыг соруулахдаа тоос сорогчийн үстэй сойзон хэсгийг ашиглана. Хэрвээ тоосыг тогтмол соруулахгүй бол тоос шороо хивсний гүнд шигдэн орох болно. Нэг удаагийн цэвэрлэгээнд хөнгөн бохирдолтой хэсгийг 3 удаа, бохирдолт ихтэй хэсгийг 5-7 удаа соруулж цэвэрлэх хэрэгтэй.
3. Хивсэн дээрхи элс шороог сайтар цэвэрлэхгүй бол хивсний гүн рүү шигдэн орж, тэдгээр нь хүний хөлийн гишгэлтээр ширхэгт материалуудыг таслан гэмтээж эхэлдэг. Энэ нь хивсний эдэлгээний насыг богиносгож, өнгө үзэмжийг бууруулдаг.
4. Хивсийг хэцэн дээр тохож тоос шороог гөвөхдөө чанга цохиж болохгүй. Үслэг гадаргууг доош нь харуулж өлгөөд үзүүрээс нь сэгсэрч гөвөөд хэсэг хугацаанд задгай агаарт байлгана.
5. Хивсэн дээр асгарсан шингэн зүйл болон хоолны үлдэцийг цэвэрлэхдээ мохоо хутга болон халбага ашиглан хусаж авна. Дараа нь чийгтэй алчуураар сайтар арчаад хатаана.
6. Чийгтэй цэвэрлэгээ хийсний дараа хурдан хатаахын тулд хивсийг шалнаас өргөж агаар оруулах хэрэгтэй.
7. Хивсийг хэзээ ч нойтон аргаар угааж болохгүй. Харин хивс цэвэрлэх зориулалтын шингэн савангаар цэвэрлээд дараа нь хуурай алчуураар сайтар арчаад хатаана. Хатсаны дараа үслэг гадаргууг нэг чиглэлд самнана. Мөн чийгтэй хэсэг дээр хуурай салфетка тавьж хаттал нь байлгаж болно.
8. Цэвэрлэх бодисуудыг тохирох тунгаар хэрэглэж, үлдэгдлийг хивсний гадаргуугаас сайтар цэвэрлэж байх хэрэгтэй.
9. Хивсийг ямар ч тохиолдолд бусад төрлийн химийн бодисууд болон цайруулагчаар цэвэрлэж болохгүй. Цайруулагч бодисууд нь хивсний будгийг гэмтээх аюултай. Угаалгын нунтагаар цэвэрлэсэн үед үлдэгдлийг гадаргуугаас бүрэн салгахад хэцүү бөгөөд гадаргуу дээр үлдсэн үлдэгдэл нь бохирыг ихээр өөртөө татдаг.
10. Автомат угаалгын машинуудад зориулсан угаагч бодисуудаар хивсийг цэвэрлэж болохгүй. Ихэнх автомат угаалгын нунтагууд нь цайруулагч бодис агуулсан байдаг.
11. Цайвар хивсний шаралсан өнгийг цууны хүчлийн устай тэнцүү уусмалаар арчиж өнгийг сэргээнэ. Ихэнх хивс цэвэрлэгээний бодисууд нь шүлтлэг байдаг бөгөөд тэдгээрийн байнгын хэрэглээ нь хивсний өнгийг үхүүлдэг. Харин цууны хүчлийн уусмал нь хивсний өнгийг сэргээж зөөлрүүлэн, хивсний эдэлгээний насыг уртасгадаг.
12. Хивсэн дээр бөх тогтсон толбонуудыг мэргэжлийн цэвэрлэгээний газруудаар жилдээ 1-2 удаа цэвэрлүүлэх шаардлагатай.
13. Хивсний эдэлгээний хугацаа хивсний ар талын суурилалтын бат бөхөөс их шалтгаална. Хивсэн дээгүүр хүмүүс явах үед хивсний ар тал их бага хэмжээгээр гулсаж хөдөлж байдаг. Том талбайд хивс дэвсэхдээ хивс нь хөдөлгөөнгүй байх үүднээс сайтар суурилагдсан, зарим газар шалтайгаа зөөлөн бэхлэгдсэн байх ёстой.Харин хэт хатуу буруу бэхэлгээ нь эсрэг нөлөө үзүүлнэ.
14. Хивсийг чийг ихтэй орчин, дэгдэмхий болон хорт химийн бодис бүхий газар дэвсэх, хадгалахыг хориглоно.
15. Хивсийг хэрэглээгүй үед нугалж эвхэж биш харин хуйлж ороон хуурай сэрүүн газар хадгална. Удаан хугацаагаар хивсийг хадгалахдаа цагаан эрвээхэйн эсрэг бодисыг хуурай болон цаасан дээр наасан хэлбэрээр заавал хэрэглэнэ.
16. Хуйлаатай хадгалж байгаа болон хананд өлгөөтэй хивснүүд шалан дээр дэлгээтэй байгаа хивснээс хамаагүй илүү цагаан эрвээхэйн халдлагад өртдөг.
17. Хивсний доод талын хатуу шалыг угааж цэвэрлэн сайтар хатаасаны дараа хивсийг буцааж тавина.
18. Хивсийг нарны гэрэл шууд тусах газар удаан байлгаж болохгүй.
19. Хивсэн дээр хурц хөлтэй хүнд зүйл болон тавилгуудыг нэг газар удаан хугацаагаар тавьж болохгүй. Хивсний жигд биш элэгдлээс хамгаалахын тулд үе үе хивсийг 90 юм уу 180 градус сольж байрлуулж байх хэрэгтэй.
20. Хивсийг удаан хугацаагаар дараатай байсан хүнд зүйлсийн дороос авахдаа захалгаа болон хивсний арыг урахгүйгээр зөөлөн авах ёстой.
21. Хивсийг индүү, халаагуурууд, цахилгаан данх болон бусад төрлийн халуун зориулалттай гэр ахуйн хэрэгслээс хол байлгана.
22. Хивсийг тээвэрлэхдээ хүнд болон хурц зүйлүүдээс хол байлгах
23. Тамхины очоор түлсэн хивсний хэсгийг зөвхөн нөхөн засалтаар засна. Гэхдээ хурц хайчаар үслэг гадаргуугын харалсан хэсгийг болгоомжтой хайчилж авч үзэгдэх байдлыг сайжруулж болно.